За та Твитрт дөнгөж бүртгүүллээ. Ингээд хамгийн эхний жиргээ - твийтээ (tweet - жиргээ, жиргэх) хийсний дараа өөрт чинь ямар ч дагалдагч байхгүйг анзаарав уу. "Ямар утгагүй хэрэг вэ! Миний энд бичиж байгааг хэн олж үзэх бол. Бараг л хэн ч үзэхгүй биз дээ." хэмээн бодогдож ч магадгүй.
Тэгвэл та битгий санаа зов. Энэ бол байдаг л зүйл. Твитрт бүртгүүлсэн шинэхэн хэрэглэгч бүр иймэрхүү асуудалтай тулгарч өнгөрдөг. Харин бидний доор өгүүлэх аравхан алхамыг биелүүлсний дараа та жинхэнэ твитр хэрэглэгч болоод, бидний адил өдөр шөнийг ялгалгүй жиргэж суудаг нэгэн болно. Мэдээж, хэрэв та хүсч байгаа бол шүү дээ.
За ингээд галзуу жиргэгч болохыг хүсвэл доорх алхмуудыг даган хийнэ үү. Танаас багахан зэрэг тэвчээр, хүсэл зориг шаардана. Бусдаар тун амархан.
1. Профайлаа тохируул
Таны хамгийн эхэнд хийх хэрэгтэй зүйл бол профайлаа тохируулах юм. Твитр хуудасныхаа дээд хэсэгт байгаа удирдлагын дөрвөлжийг харж байна уу? Settings гэсэн дээр дараад өөрийн профайлаа бөглөнө. Хамгийн чухал талбар бол URL, намтар, зураг, дизайны талбарууд юм. Өөрийн сайт, блогийнхоо холбоосыг багахан тайлбар сэлтийн хамт URL хэсэгт байрлуулаарай. Бусдаас ялгарахын тулд зургаа аплоод хийгээд, хуудасныхаа дизайныг өөрчил. Яг л бусад соошил сайтын адилаар өөрийгөө хэн бэ, яах гэж энд байна гэдгээ бүрэн илэрхийлэх нь чухал.
2. Ижил сонирхолтой хүмүүсийг дага
Одоо та профайлтай болсон тул хүмүүсийг дагаж эхэл. Та эдгээр хүмүүсийг Твитрийн директориудаас олж болно. Би бол Twellow, JustTweetIt -г ашигладаг. Эдгээр сайтууд нь тантай ижил сонирхолтой Твитр хэрэглэгчдийг танилцуулдаг юм. Эдгээр хүмүүсийг дагаж, тэдний жиргээг уншиж бай. Та магадгүй хүмүүсийн дагаж хошуураад байгаа хэн нэгнийг дагаж болох л доо. Гэхдээ тайлбар, намтрыг нь уншаад, блогоор нь зочилж, үнэхээр таны дагах хүн мөн үү, биш үү гэдгийг нягтласан нь дээр болов уу. Яг зөв газраа олж, зөв бүлгэмд нэгдэх нь дараа өөрийн сонирхлын дагуу комунити сүлжээ үүсгэхэд хялбар байх болно.
3. Хүмүүсийн ярианд нэгдэн ор
Одоо та хүмүүсийг дагадаг боллоо. Ингээд тун удалгүй самбар дээр чинь ганц нэг жиргээнүүд гарч ирнэ. Энэ бол таны дагаж буй хүмүүсийн жиргээ бөгөөд уншаад үзэхэд үнэхээр сонирхолтой байвал хариу бич. Жишээ нь хэн нэгэн, маргааш орох семинартаа юу бэлдсэн тухайгаа бичсэн байж болно. Үүнд нь та өөрийн бодлоор хариу бич. Эсвэл өөр нэгэн танилцуулга пресентацыг хэрхэн бэлдэх талаар асуусан байж магадгүй. Хэрэв үүнийг мэдэж байвал хариулахаасаа бүү цааргал. Бусадтай харилцахаас битгий эмээ.
4. Спам бүү илгээ
Хэрэв спам илгээгээд байвал таны дагалдагчид дагахаа болидог. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хүмүүс рүү дахин дахин нэг зүйл илгээгээд байх хэрэггүй. Шууд зурвас (DM - Direct Message) -ыг байнга битгий ашигла.
5. Өдөр бүр шинэчилж бай
За одоо та соошил комунитид эргэлт буцалтгүй хутгалдан орлоо. Харин одоо боломжтой бол хуудсаа өдөр бүр шинэчилж байгаарай. Зарим Твитр хэрэглэгчдийн идэвхгүй байдлаас болж дагалдагсад нь тэднийг орхиж оддогийг би мэднэ. Хүмүүсийн бичсэнд хариу бичиж, өөрийн амьдралд юу тохиолдсон талаараа ч юмуу, ямар нэг зүйлийг өдөр бүр бичиж байх хэрэгтэй. Тун удалгүй та бусдад танигдаж зарим нь таныг дагах болно.
6. Хамгийн сонирхолтой зүйлийг олж, түгээж бай
Одоо бол таны бусдад мэдээлэл түгээх цаг. Өөрийн сонирхож буй ямар нэг сэдвийг сонгон аваад түүнийхээ талаар жиргээд бай. Өөрийн дагалдагсадтайгаа харилцаж, бичсэн зүйлд нь хариу бичсэнээр та бусдын анхаарлыг илүү ихээр татах болно. Жиргээ болгоныхоо төгсгөлд "хариу жиргэнэ үү" гэсэн үг үлдээх нь тун аятайхан арга юм. Хэрэв бичсэн чинь хэн нэгний сонирхлыг татсан бол хариу жиргээ ирэх болно. Магадгүй зарим нь таны жиргэсэн зүйлтэй хамаатай холбоосыг үлдээж мэднэ. Ингээд та одоо өөрөө өөртэйгөө ярьсан хэн ч биш байхаа больж хүмүүс таныг мэддэг боллоо.
7. Бусад хүмүүст тусал
"Өөртөө хүсдэг зүйлийг бусдад хүс" гэсэн дүрэм энд үйлчилнэ. Хүмүүсээс хариу жиргээ авахаасаа өмнө та бусдын жиргээнд хариу бичих ёстой. Өөрийнхөө чадах хэмжээнд бусдад байнга тусал. Нэг л өдөр та хүмүүс хэрхэн өөрт чинь туслаж байгааг хараад гайхан шагшрах болно.
8. Харилцаа холбоо үүсгэ
Одоо бол тогтмол харилцаа үүсгэх үе. Нэг үеэ бодвол та юу хийхээ мэддэг, түүгээр ч зогсохгүй бусдыг анхаарах сөхөөтэй боллоо. Ингээд анзаараад харвал хэн нэгэн хүн бусдаасаа илүү идэвхтэй байгааг олж мэдэж болно. Түүн рүү шууд хандаж, харилцан ярилц. Юу хийдэг, юунд сонирхолтой гээд илүү нарийн ширийн зүйлсийг ч тодруулж болох юм.
9. Твитрийг бусад соошил сайтуудтай нэгтгэ
Блогтой юу? Тэгвэл блог дээр нийтлэсэн зүйлээ твитр рүүгээ жиргэж бай. Фэйсбүүк профайлтай юу? Тэгвэл хүмүүсийг өөртөө нэмж болох уу гэж асуу? Твитр бол вэб 2.0 -ын салшгүй нэг хэсэг юм. Тийм болохоор бүр цаанаасаа л ийм боломжтой байгаа. Энэ нь бусад соошил сүлжээнүүд рүү салбарласан хэлхээ холбоо үүсгэхэд танд туслана.
10. Твитрээс гаднах харилцаа холбоо үүсгэ
Твитр дээр олон найзтай болсон уу? Тэгвэл одоо үүнийгээ арай өөр түвшинд гарга. Тэдэнтэй мессенжерээр харилцаж, илүү ойр дотно түвшинд ярилц. Тэдэн рүү Скайпаар залга, эсвэл уулзалт зохиосон ч болно. Твитрээс жинхэнэ харилцаа холбоог үүсгэж болно.
За танд баяр хүргэе. Одоо та Твитр сүлжээний жинхэнэ албан ёсны гишүүн боллоо.
Эх сурвалж: http://amarxan.com/computer/computeriin-xereglee/103-10-easy-steps-for-twitter-beginners.html
No comments:
Post a Comment